Thursday18 January 2018

Д.ЧУЛУУНБААТАР: Эмч хүн сайхан сэтгэлтэй, өндөр мэдлэг, ур чадвартай байх ёстой

Дэлхийн эмч нарын баярыг тохиолдуулан Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Эмнэлзүй сургалт эрхэлсэн захирал, Бөөр, элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн гишүүн, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч  Д.Чулуунбаатартай эмч хүний ажил, амьдралын замнал, бахархалын талаар яриа өрнүүлснээ та бүхэнд хүргэж байна.

190635-15082016-1471221613-1223779129-chuluunbaatar1

Танд нийт уншигчдынхаа өмнөөс танд эмч нарын баярын мэндийг хүргэе. Анх эмч хэмээх эрхэм хүндтэй ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ?

Баярлалаа. Нийт уншигчиддаа энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Нийт хүн амынхаа эрүүл мэндийн төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа эмч нартаа Олон улсын эмч нарын баярын мэндийг мөн хүргэе.

Би сургуулиа төгсөөд анх Завхан аймгийн Шилүүстэй суманд 1988 оны 7 сарын 26-ны өдөр Салбарын эмчээр томилогдож байлаа. Тухайн үед айл бүрээр орж нэгдсэн бүртгэл хийж, үзлэгт хамруулдаг сайхан үе байсан юм.  Энэ нь нэг талаар өвчтөнүүдийн судалгаа хийж, нөгөө талаар айл өрхүүдтэй танилцаж, мэнд усаа мэдэлцдэг болоход их тустай.  Тэгээд л Шилүүстэй сумын  2500 орчим хүнийг бүгдийг нь таньдаг болсон /инээв/.  Дараа нь 1995-1998 он хүртэл Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт мэдээгүйжүүлгийн эмчээр ажилласан.

Харин УНТЭ-т 1998 оноос эхлээд Эрчимт эмчилгээний тасагт 10 гаруй жил эрчим эмчилгээ мэдээгүйжүүлэгийн эмчээр ажиллаж, 2007-2014 онуудад Эрчимт эмчилгээний тасаг-Яаралтай тусламж, сургалт аргазүйн төвийн тасгийн эрхлэгчээр тус тус ажилласан. Харин 2014 оноос хойш Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эмнэлзүй хариуцсан захирлаар ажиллаж байна. Одоо ингээд бодоход ийм сайхан хамт олон намайг хүрээлж байсны хүчинд би гэдэг хүн сайн ажиллаж,  илүү ихийг хийж бүтээхийн эрчээр эрчлэгдэж  байна даа.

IMG 3810

Ингэхэд таныг цэргийн эмчийн албыг хааж байсан гэж танай хамт олноос сонссон?

Би 1988 онд тухайн үеийн Анагаах ухааны дээд сургууль одоогийн АШУИС-ийг төгссөн. Дараа нь Анагаах ухааны дээд сургуулийн Цэргийн танхимд суралцаж байсан. Цэргийн эмчилгээний ангийн нэг онцлог нь оюутан байхаасаа эхлээд  цэргийн бателон буюу ангид цэргийн эмчийн зуны дадлагыг цэргүүдтэй хамт байрлаж хийдэг байлаа. Цэргийн эмч мэргэжлээр сурахад давшилтын үед эмнэлгийн цэргийг хэрхэн байрлуулах, ямар үйл ажиллагаатай ажиллах зэргийг онцгойлон заадаг байснаараа давуу талтай байсан.

Таныг сумын эмч байх үед эмчийн ажлаас гадна олон ажлыг зэрэг хийдэг байсан гэдэг.

Сумын эмч нь эмнэлгийн бүхий л үйл ажиллагаанд оролцдог. Янз бүрийн сургалт, арга хэмжээ зохион байгуулах, хэвтэн эмчлүүлж буй хүмүүстээ эрүүл мэндийн боловсрол олгох хичээл хүртэл заадаг байлаа. Сумын эмчийн бас нэг онцлог нь тоног төхөөрөмж байхгүй учраас 5 мэдрэхүйгээрээ л өвчтнөө оношлоно шүү дээ. Төрөх ээжүүд, мэс засал, дотор, халдварт, гэмтэл, шүд гэх мэтчилэн бүх төрлийн өвчтөнгүүддээ үзлэг хийнэ. Нэг хэцүү зүйл нь төрөхийн хүндрэл байсан. Тухайн үед төрөхийн өмнөх байр гэж байсан. Энэ тасагт төрөх дөхсөн эхчүүд төрөхөөс 7-14 хоногийн өмнө хэвтэж, хяналтанд ордог. Ингэж төрөхийн өмнөх байранд эхчүүдийг хэвтүүлснээр эхийн эндэгдэл буурах гол үзүүлэлт болсон юм.  Хөдөөгийн иргэдийн хувьд хяналтанд орохгүй удах тохиолдол их байдаг байлаа.

Анагаах ухаанд олон төрөл чиглэл, салбар байхад чухам яагаад эрчим эмчилгээ, мэдээгүйжүүлэгч эмч болохоор шийдсэн юм бэ?

Chuuk darga

Би анх мэдээгүйжүүлтийн эмч болно гэж төлөвлөөгүй байсан.  Тухайн үед намын даалгавраар Эрүүл мэндийн яамны боловсон хүчний салбараас мэргэжилтнүүд бүх оюутнуудыг хуваарилдаг байсан үе. Тэр үед одоогийн УНТЭ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасгийн эрхлэгчээр Ардын эмч н.Лхагважав гэж бидний багш ажилладаг байсан. Тэр хүний шавь болоод энэ сайхан мэргэжлийг сонгосон доо. Одоогийнхтой харьцуулахад тэр үеийн эрчимт эмчилгээний тасаг тоног төхөөрөмж, хүчин чадал муу байсан. Гэхдээ багшийнхаа удирдлаганд хамт олонтойгоо эрчимт эмчилгээний тасгийн үйл ажиллагааг зохицуулаад л явж байлаа.

Ер нь мэдээгүйжүүлгийн эмч гэдэг маш нарийн мэргэжил. Дэлхийд хамгийн эрсдэлтэй,  мэдлэгтэй, ур чадвартай эмч нар ажиллаж, хамгийн өндөр цалин авдаг. Харин Монголд мэдээгүйжүүлгийн эмч нарын мэдлэг ур чадвар гадны орныхонтой эн зэрэгцэх ч ажлын үнэлэмж муу байдаг.

УНТЭ эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хэд хэдэн удаа амжилттай хийлээ. Энэ ажлуудад та гар бие оролцсон уу.

1998 онд монголд анх удаа  бөөрний хагалгаа хийж байсан түүхтэй. 2006 оноос  Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг эрчимжүүлж эхэлсэн. Уг багт бөөр шилжүүлэн суулгах хагалгааны мэдээгүйжүүлгийн эмчээр мөн ажилласан. Миний хувьд бөөр шилжүүлэн суулгах багийн гишүүн ба анхны хагалгаагаа 2006 оны намар нь хийж байсан. Миний багш АУ-ны доктор, профессор Л.Ганболд эмчтэй мэдээгүйжүүлгийн эмчээр хамтран ажиллаж байгаа. Одоогийн байдлаар 140 гаруй хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн байна.  Энэ завшааныг ашиглаад Төрийн соёрхолт профессор Эмнэлгийн дарга Б.Бямбадорж, хүний гавьяат эмч  Д.Нямсүрэн багш, профессор Л.Жамбалжав, хүний гавьяат эмч Б.Бямбадаш, хүний гавьяат эмч н.Төмөрбаатар, мөн Бөөр шилжүүлэн суулгах багийн ахлагч Д.Баян-Өндөр, Эмнэлзүй эмгэг судлалын төвийн лабораторын эмч Ж.Саранцэцэг, Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн эмч Л.Ганболд нарт талархсанаа илэрхийлье.  Эдгээр алтан гартай эмч нарын хүч хөдөлмөрөөр бөөр шилжүүлэн суулгах хагалгаа өдий зэрэгтээ хөгжиж, манай улсын анагаах ухаанд тодорхой хэмжээний хувь нэмрийг оруулсан. Энэ нь залуу үеийнхэндээ маш сайхан суурийг бий болгож өгсөн юм.

Одоогийн байдлаар 140 гаруй хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн байна. Харин 2015 онд УНТЭ-ийн 90 жилийн ойн үеэр элэг шилжүүлэн суулгах 100 дахь хагалгааг хийлээ

Дараа нь элэг шилжүүлэн суулгах хагалгааны багийн гишүүнээр орсон. 2010 оноос элэг шилжүүлэн суулгах хагалгааг Хүний гавьяат эмч О.Сэргэлэнгээр ахлуулсан баг хийж эхэлсэн. Тухайн үед эхлээд туршилтын хагалгааг  амьтан  дээр хийсэн шүү дээ. Энэ ажлын хүрээнд Солонгосын Асан эмнэлгийн Эрхтэн шилжүүлэх төвийн хамт олонтой 5 жил хамтран ажилласан. 2010-2014 онд бид Солонгосын Асан эмнэлэгт очиж мэргэжил  дээшлүүлэх сургалтанд хамрагдсан.

Мөн 2009 онд  Л.Ганболд багштай  хамт АНУ-ын Колородогийн их сургуулийн Элэг шилжүүлэн суулгах сургалтанд явсандаа их баяртай байдаг.

Одоо бол элэг шилжүүлэн суулгах хагалгаа ердийн хагалгааны түвшинд хүрсэн гэж хэлж болно. Эхний 25 хагалгааг Солонгосын эмч нартай хамтран хийж байсан бол 2015 онд УНТЭ-ийн 90 жилийн ойн үеэр элэг шилжүүлэн суулгах 100 дахь хагалгааг хийлээ. 100 дахь мэс засалд зориулж эмнэлгийн гадаа хөшөө дурсгал байгуулсан.

Ганболд эмчтэй 2009 зураг тавих

Энэ завшааныг ашиглаад Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн гишүүд болох Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Хүний гавъяат эмч О. Сэргэлэн, Анагаах ухааны доктор, Хүний гавъяат эмч, Клиникийн профессор Л. Амгалан, Х.Батчулуун, Ц.Эрдэнэ, Анагаах ухааны доктор, профессор, Зөвлөх эмч Л.Ганболд нартаа талархал илэрхийлье.

Гадаадад эрхтэн шилжүүлэх хагалгаа хийлгэхэд эмчилгээний зардал, донор, дагалдаж явж байгаа хүн гээд эдийн засгийн хувьд маш хүндрэлтэй байдаг. Харин монголд энэ хагалгааг хийснээр гадагш урсах мөнгийг дотооддоо авч үлдэхээс гадна,  өвчтөний сэтгэлзүйн хувьд эерэг нөлөөтэй байдаг. 

Засгийн газраас элэг шилжүүлэн суулгах хагалгааны тоног төхөөрөмжийн асуудал дээр анхаарч ажилласан. Учир нь гадаадад эрхтэн шилжүүлэх хагалгаа хийлгэхэд эмчилгээний зардал, донор, дагалдаж явж байгаа хүн гээд эдийн засгийн хувьд маш хүндрэлтэй байдаг. Харин монголд энэ хагалгааг хийснээр гадагш урсах мөнгийг дотооддоо авч үлдэхээс гадна,  өвчтөний сэтгэлзүйн хувьд эерэг нөлөөтэй байдаг. 

Гадаадад хагалгаанд орсон хүмүүс УНТЭ-ийн хяналтанд байдаг. Сая гуравдугаар сарын 27-нд УНТЭ-ийн Гастроэнтерологийн төв “Элэгний урхаг хүндрэл  ..” гэсэн сургалт зохион байгуулж,  маш өргөн хүрээг хамарч чадсанд бид их баяртай байгаа. Үүний дараа тухайн сургалттай холбоотой ном гарсан нь бидний хувьд том гарын авлага болсон гэж хэлж болно.  

Chuk05.jpg

Эмч  болохоор бэлтгэгдэж буй залуус сургуульд сурч байхдаа л мэргэжилтэний хэмжээнд бэлтгэгдээд гардаг гэж боддог. Энэ салбарт таны сурч байх үе, өнөөдрийн сургалтын тогтолцоо хооронд ямар ялгаа байна вэ?

Манай эрүүл мэндийн чиглэлийн оюутнууд өглөө лекцэнд орлоо, үдээс хойш дадлага хийхээр ирж байна. Бусад мэргэжлийн сургуулиудтай харьцуулахад анагаахын сургуулиуд практик дээр суурилдагаараа онцлог. Бидний үед ийм л байсан. Одоо ч хэвээрээ. Харин ч одооны оюутнууд техник ашиглалт, хэлний мэдлэг илүү болсон. Анагаахын олон сургууль байдаг нь өрсөлдөөнийг нэмэгдүүлээд сайн хэрэг. Бид багш нарынхаа лекцийг нэг бүрчлэн гараараа бичдэг байсан бол өнөөдөр техникийн эрин болсноос ч тэр үү хүүхдүүд утсаараа бичлэг хийх, файлаар нь авах зэргээр цаг хугацаа хожиж байгаа давуу талтай юм уу гэж хардаг.

Нөгөөтэйгүүр сурч байгаа залуусын хувьд чин сэтгэлээсээ эмч болохыг хүсдэг нь хэд байдаг бол гэх эргэлзээ ч төрдөг. Өнгөрсөн жил манай нэг багшийн лекцэнд сууж байхад нэлээд олон оюутан эмчээр төгсөөд, мэргэжлээрээ ажиллаагүй гэсэн мэдээг сонсч байсан. Тэдгээрээс дэлгүүр ажиллуулах гэх мэт өөр чиглэлээр ажиллаж байна гэдэг. Үүнд эмчийн цалин хангамж, ажиллах орчин ч нөлөөлсөн байж мэднэ. Бидний үед багш нарыгаа дагаж хагалгаанд орж, хүнд өвчтөнийг үзэж байхад нь хамт байх зэрэг эмнэлэг дээр хичээлүүд явагддаг байсан. Энэ нь оюутнуудыг анхнаас нь эмнэлгийн орчинд бэлдэж өгдөг байсан юм болов уу. Тэр үед нүдээрээ харж байсан, багшийн хийж байсан үйл зэрэг бол насан туршийн мэдлэг, туршлага болж өгч байсан.

Танай эмнэлгийн зүгээс ирээдүйн боловсон хүчнээ бэлдэхэд хэрхэн анхаарал хандуулан ажиллаж байна вэ?

УНТЭ нь төрийн болон хувийн их, дээд сургуулиудтай хамтран ажилладаг. Тухайлбал 3-р  курсийн оюутнуудыг манай эмнэлэгт хөтөчөөр ажиллуулж байна. Энэ нь өөрөө  эмнэлгийн орчин нөхцөлд дасах, өвчтөнтэй харьцах зэрэг дадал зуршлыг бий болгох ирээдүйн эмч нарыг бэлдэхэд их нөлөөтэй байдаг. Харин 4-р курсийн оюутнууд сувилахуйн үйл ажиллагааны дадлага хийх,  5-р курсийнхан эмч нарын туслахаар ажиллах гэх мэт Анагаах ухааны боловсрол олгоход хамтран ажиллаж байна.

Эмч хүний хариуцлага таны нүдээр...

Эмч хүн бол хамгийн түрүүнд сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй. Өвчтэй хүнтэй чин сэтгэлээсээ харьцдаг байх, өндөр мэдлэг, ур чадвартай, байнгын мэдлэг мэргэжлээ дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлдэг байхыг шаарддаг тийм л хариуцлагатай мэргэжил. Орчин үед хэлний мэдлэг нэмэгдэж, сурах бүрэн боломжтой болсон байна. Гэхдээ хамгийн чухал нь сайхан сэтгэл. Мөн мэргэжилдээ маш дуртай байх хэрэгтэй.

УНТЭ-ийн онцлогоос та бидэнд танилцуулахгүй юу ? Тоног төхөөрөмжийн шинэчлэл хэр хийгдэж байгаа вэ?

УНТЭ-ийн хувьд сүүлийн үеийн эмнэлгийн техник технологиудыг нэвтрүүлж илүү өргөн цар хүрээг хамран ажиллаж байна. Улсын хэмжээнд Яаралтай тусламжийн тасаг гэдгийг өөрийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан шинээр байгууллаа. Манай эмнэлгийн зүгээс ирсэн өвчтөнүүдээ өвчний ангилал, хүндрэлийн дагуу эрэмбэлдэг. Тухайлбал нэн яаралтай эмчилгээнд оруулах шаардлагатай бол улаан, дараагийн шатанд шар, дараа нь ногоон гэх мэт эрэмбийн дагуу тусламж үйлчилгээ үзүүлдэг. Мөн шөнийн цагаар ирсэн онош нь тодорхойгүй үйлчлүүлэгчдийг Ажиглалт хяналтын хэсэгт хүлээн авдаг. Н.Алтансүх эрхлэгчтэй Яаралтай тусламжийн тасаг нь байгуулагдаад 4 жил болж байгаа ч улсын төсвөөс боловсон хүчний зардлыг төсөвлөж өгөөгүй ч улсдаа үлгэр жишээ болсон тасаг үйл ажиллагаагаа явуулж байна.

Харин н.Баялагмаа эрхлэгчтэй мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасагт хоногт дунджаар 60 гаруй хагалгаа хийгдэж байна. УНТЭ-ийн зөвлөх эмч н.Ганбат эрхлэгчтэй Эрчимт эмчилгээний тасгийн хувьд 9 ортой ажиллаж байна. 2002-2012 оны хооронд Швейцарын төсөл хэрэгжсний дагуу нэг сарын хугацаатайгаар эмч, сувилагч ирж бидэнтэй хамтран өдөр бүрийн үзлэг оношлогоо хийж, сургалт явуулж хамтран ажилласан.  Дараа нь Австрийн Хелтенбург сангийн төслийг 2007-2009 оны хооронд хэрэгжүүлсэн. 2015 онд Австрийн засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 7 сая еврогийн тоног төхөөрөмжөөр хангасан нь маш чухал арга хэмжээ байсан. Одоо бид тоног төхөөрөмжийн хувьд харьцангуй сайн байна. Цаашид ч төр засгаас энэ тал дээр анхааран ажиллах байх гэж бодож байна.

Танд хандаж бусдын хэлж байсан хамгийн сайхан үгнээс? Эмч хүний хувьд зөндөө л сайхан үг сонсдог байх.

Эмч хүн чинь баярлалаа эмчээ гэсэн үгийг их сонсдог. Эрүүл болоод зөвхөн надад зориулж хэлдэг энэ үгийг сонсох л миний хувьд хамгийн сайхан байдаг.

Та залуу эмч нартаа хандаж  юу хэлэх вэ?

Эмч хүн гэдэг бол мэдлэг, мэргэжил, сайхан сэтгэл, хичээл зүтгэл шаардсан нарийн мэргэжил. Тиймээс залуу байхдаа л амжиж сурах хэрэгтэй. Өнөөдөр бол сурах бүх нөхцөл бололцоо бүрдсэн байна. Та бүхэнд маш сайхан ирээдүй байна.  Ер нь эмчийн ажил бол сэтгэлийн ажил байдаг гэдгийг онцолж хэлмээр байна.  

Цаг зав гарган ярилцсан танд маш их баярлалаа.  Ажлын өндөр амжилт хүсье.

Баярлалаа.

Удирдпагч /тэмдэглэл/

Snapshot 2013-06-06 100227

 

Монгол Улсын Соёлын Гавъат зүтгэлтэн сэтгүүлч Г. Золжаргал багш эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн ажилчдад олон сайхан бүтээлийг зориулсан нэгэн. Түүнтэй уулзаж суухдаа эмч сувилагчийн тухай бахархам үйлсийг хуваалцлаа.

Тэр, энэ мундаг эрхэм хүмүүсээс дуусашгүй, дундрашгүй их сэтгэлийн эрч хүчийг авдаг юм гээд УНТЭ-ийн нэгэн гавъяатын тухай бичсэн тэмдэглэлээ хүргэе гэлээ.

                                                                                УДИРДАГЧ

                                                                               / тэмдэглэл /

         Бараг найман жилийн өмнө болох нь. Ах дүү хоёр зэрэг мэс засалд  орох зураг авах болов. Улсын Нэгдүгээр төв эмнэлэг хар өглөөгүүр хүний хөлд дарагддаг газар. Гуравдугаар давхрын шатны баруун зүүн, талд сэтгэлдээ айдас түгшүүр хураасан, эргэлзэж тээнэгэлзсэн олон хүн суух нь сууж зогсох нь зогсчээ. Би зураг авахаар хүүтэйгээ очсон тул эмч нарын өрөөнд орж гадуур хувцасаа тайлаад мэс заслын блок руу орох болов. Тэрүүхэндээ түгшиж байв. Ингэж мэс заслыг өмнө нь ойрхон харж байсангүй. Би Д.Нямсүрэн эмчийн өрөөнд байх. Д.Нямсүрэн эмч тайван амгалан суух. Бүр шал өөр сэдвийн юм яриад хааяа тас тас инээнэ. Эмч маань энэ мэс заслыг удирдан хийлгэнэ. Гэтэл ийм тайван байж болдог л юм байх даа гэж гайхав. Ердөө сандарч мэгдсэн юмгүй маш тайван тэр бүү хэл хошигноод орж ирсэн хүмүүстэй тун хөгжилтэй харилцаж байлаа. Ингэж л Д.Нямсүрэн эмчийг их ойрхноос мэдэх болсон билээ. Эндхийн бүх хүмүүс нэрээр нь биш товчилсон нэрээр дуудна. Нямка л гэх. Нямка эмчтэй хамт олон залуу эмч мэс засалд орно. Бага залуустай нь албан үгээр  ярихдаа урам өгч өөрийн үеийн болоод найз нартайгаа энгийн сайхан үгээр дотно үг хэлэлцэж хааяа онигоо хавчуулаад нуг нуг инээн ярих нь бас л сонин байлаа. Төрийн шагналт хүн ийм энгийн юм аа гэж бахархав. Мэс засал эхэллээ. Дүү нь ахдаа бөөрөө өгөх болжээ. Хүнд хагалгаа. Мэс засал хоёр танхимд зэрэг эхэлсэн. Би хүүтэйгээ хааяа хааяа байр сэлгэн зураг авч байв. Эхлээд аягүйцэж байсан авч аажимдаа дасч Нямка эмчээс юм асуун харилцан ярьж эхлэв. Хүний дотор эрхтэн улаан  ягаан өнгөтэй мах эд эрхтэн бас судас шөрмөсөөс бүрдсэн нь нүдэн дээр ил тод харагдаж байлаа.  Эмч нар яаралгүй ч бас цаг хугацааг яс тооцон ажиллана. Бараг цаг хагасын дараа нэг бөөр суллаад авчихав. Тэрнийгээ цаана нэг ширээн дээр угааж эхэлсэн. Нямка эмчийн баг ажлаа яс гүйцэтгэнэ. Мөч хурам бүрт Д.Нямсүрэн эмчийг үг, үүрэг даалгавар товч хэр нь тодорхой сонсогдсоор мэс засал талдаа орсон хэрэг.  Нөгөө талд солих бөөр суулгах талбай бэлтгэн бас л амаргүй хагалгаа эхэлчээд талдаа орж байв. Тэнд залуучууд олон. Бямбадорж дарга ч халаадтай маскатай эмч энэ хамт олныхоо дунд орчихсон ажиллаж байхыг дэргэдээс нь харж байв. Ингэж би энэ мундаг хүний дэргэд нэг өдрийн талыг яг мэс зэслын ширээний дэргэд өнгөрүүлсэн билээ. Ах дүү хоёрын бөөр солилцох мэс засал амжилттай өндөрлөв. Таван цаг орчим үргэлжилсэн байх. Үндсэн ажилбараа дуусгаад ахмадууд нь түрүүлээд гардаг юм билээ. Гадна сэтгэл догдлон айдас хүйдэс дүүрэн хүлээж байсан өвчтөний ар гэрийнхэн юу юугүй бүчээд авав.

5d17e9822b8ed8b1big

Д.Нямсүрэн эмч их л тайвнаар “ За бүх юм амжилттай. Санаа зовох юм ерөөсөө байхгүй. -Алив та нар төлөөлөөд гурав дөрөв нь миний өрөөнд ороод ир” гээд л хэлчихэж билээ. Тэр агшинд сэтгэл тэнийж баярын мишээл өөрийн эрхгүй тодруулсан ар гэрийнхнийг нь харахад сайхан санагдаж Нямсүрэн эмч болон багийн бусад хүмүүсээр  өөрийн эрхгүй бахархаж билээ. Үүнээс хойш би бөөрний Д.Нямсүрэн эмчтэй олон удаа уулзаж энэ төрлийн ажлын нарийн ширийнийг бага багаар сонсож мэддэг болсон юм. Гурван сарын дараа өнөөх ах дүү хоёртой дахин уулзаж зураг авч эхэлсэн. Д.Нямсүрэн эмч тэр үед  сайн чанарын янжуур татна. Их ажлын дараа хэтрүүлэхгүйгээр хундага виски татчихна. Их шулуухан үгтэй. Тийм хэр нь наргианч. Удирдагч байх нэг шинж байдгийг ажигласан. Хүмүүст үүрэг даалгаварыг яв цув,тов тодорхой өгч байхыг л олонтаа харж билээ. Тэр нь манай улсад бөөр солих мэс заслын амаргүй ажлыг хэлбэрэлтгүй хөгжүүлэх эхний алхамыг залуусын хүчинд сайн эхлүүлэхэд гол хүчин зүйл байсан юм байна даа гэж ойлгогдсон. Мэдээж анхлан санаачилж байсан Жамбалжав, Бямбадорж, Ганболд  гээд олон хүний хүч байгаа ч яг ажил дээр олон хүнийг нааш цааш нь зөв залж хатууд хатуу зөөлөнд зөөлөн байж чаддаг нь ямарч хүнд хэцүү үед барьц алдахгүй байлгаж чаддаг аргагүй л удирдагч хүний нөлөө байсан хэрэг. Д.Нямсүрэн эмчийн оролцоотой ямарч ажил тодорхой эмх цэгцтэй хүн бүрийн оролцоо өөр өөрийн газар дээр хариуцлага алдахааргүй явагддаг байх даа гэж бодогддог. Ширүүндээ ширүүн хүн шүү дээ. Олон таван үггүйгээр яг л хэлээд тавьчихна. Нялцгай ,наазгай, ая тал засагчдыг анддаггүй байх гэж санагддаг. Тохирсон үгийг нь хэлээд л тавьчихдаг.  Манай улс бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай эхлүүлж  хөгжүүлж одоо элэг шилжүүлэх тун ярвигтай ажлын эхлэлд баттай урагшилж явна. Хэдэн сайхан эмч бий. Бас зулуучууд бий. Тэдний урд талд манай “Нямка” доктор явдаг. Дайны фронтод бол командлагч удирдагч юм. Энэ хүний хүчинд өдий зэрэгт хүрч дэлхийн түвшинд хөл нийлэн тавьсан юм шүү гэхэд  хүмүүс тийм ээ л гэнэ. Тэр нэг мэс заслаас хойш олон удаа ярилцлага авсан гэж дээр хэллээ. Одоо Монголын анагаах ухаан улам бүр хүнд хэцүү зорилт биелүүлэхээр ажиллаж байна. Жишээ нь бөөрийг ах дүү хамаатанаас нь авч байна. Гэтэл дэлхийн практик өөр зам санал болгосон. Нас барсан хүнээс тэр даруйд донор бөөр авах нь зөв гэж хэлж байна. Энэ тухай Д.Нямсүрэн эмч олон удаа зөв зүйтэй үг хэлсэн. Манай ёс заншил журам амаргүй. Хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлж хандлагыг өөрчлөх тийм ч амар биш. Гэвч Д.Нямсүрэн эмч маань их тодорхой хэр нь энгийнээр зөв сурталчлан ярьсаар байна. Бага багаар өөрчлөлт гарч эхэлжээ. Аажимдаа сайн үр дүнд хүрнэ. Энэ тухай өөрөө санаачилж бид хоёр богино хэмжээний нэвтрүүлэг хийж байв. Эмч, мэс засалч, ухуулагч, итгүүлэн үнэмшүүлэгч ийм мундаг чадвартай хүн. Дэргэд нь байхад юм бүхэн тов тодорхой байх ёстой гэдгийг ааш аягаас нь хар аяндаа л ойлгоно. Ийм л хүн. Удирдагч хүн юм аа.

                                                                                                              Г.Золжаргал /СГЗ /

ОЧИРБАТ: ЭЛЭГНИЙ С ВИРУСЫН ХАЛДВАР БҮХИЙ 5000 ХҮНИЙГ ЭМЧЛЭХЭЭР “GILEAD SCIENCES” КОМПАНИТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

usa.em0

Монголчуудын дунд нэн тулгамдаж буй асуудал бол элэгний өвчлөл. Олон улсын эрдэмтэд ч энэ чиглэлээр судалгаа хийж, сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлж байгаа. Харин ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын эхээр АНУ-д айлчилж элэг нэгт монголчууддаа дуулгах сайхан мэдээтэй эх орондоо ирлээ. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбаттай энэ талаар ярилцсанаа хүргэе.

-Монгол Улсын Засгийн газраас 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэж тусгасан. Эмч мэргэжилтэй, бас салбар хариуцсан яамны Төрийн нарийн бичгийн даргын хувьд бидэнд бодит мэдээлэл өгнө үү. Элэгний хорт хавраар нас баралтаараа манай улс дэлхийд дээгүүрт орж байгаа гэдэг нь үнэн үү?


-Үнэн. Үүнийг “Монгол хүний эрүүл мэндэд нүүрлэсэн гамшиг” гэж хэлэхээс өөр аргагүй. Монгол Улс элэгний хорт хавдраар нас баралтаараа дэлхийд дээгүүрт бичигдэх болсны гол шалтгаан нь элэгний В, С, Д вирусын тархалт өндөр байгаатай холбоотой юм. Манай улсын эрдэмтдийн “Journal of Viral Hepatitis” сэтгүүлд өнгөрсөн хоёрдугаар сард хэвлүүлсэн олон улсын судалгааны ажлын үр дүнгээр 400 мянга гаруй иргэн маань элэгний В, С, Д вирусын архаг халдвартай тухай дурдсан шүү дээ. Тиймээс хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалахын тулд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт элэгний С вирусын голомтыг 2020 он гэхэд бүрэн устгах, элэгний хорт хавдар, хатуурлаар нас барахыг эрс бууруулах зорилгоор “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт ч энэ тухай бий.

usa.em1

-“Эрүүл мэндийн салбарын 5000 эмч, мэргэжилтэн элэгний С вирусын архаг халдвартай байна” гэсэн мэдээлэл анхаарал татлаа. Та бүхэн сая АНУ-д айлчлахдаа тэднийг эмчлүүлэх талаар бодит шийдвэрт хүрсэн тухай сонссон. Энэ тухай мэдээллээсээ хуваалцана уу?


-Манай улсад насанд хүрсэн, элэгний В вирусын халдвартай 200 мянга гаруй хүн байгаа тухай мэдээлэл байна. Харин эрүүл мэндийн салбарын нийт 48 мянган эмч, мэргэжилтнүүдийн 5000 нь элэгний С вирусын архаг халдвартай гэсэн тоо баримт байдаг юм. Энэ бол ажил мэргэжлийн орчин нөхцөлтэй нь холбоотой л доо. Тийм учраас хүнд нөхцөлд ажилладаг, өвчтөнүүдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын төлөө өөрсдийгөө умартан ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийнхээ дунд элэгний С вирусын голомтыг бүрэн устгах нь халдварын тархалтыг зогсооход тун чухал ач холбогдолтой. Бид АНУ-д айлчлах үеэрээ элэгний С вирусын эсрэг өндөр үр дүнтэй эмийг үйлдвэрлэсэн “Gilead Sciences” компанийн удирдлагуудтай уулзаж, эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн дундахь элэгний С вирусын голомтыг устгахад зарцуулагдах 5000 хүн тун эм буюу 15 мянган хайрцаг эмийг хандиваар авах асуудлыг нааштайгаар шийдэж чадлаа. Мөн Чикаго хот дахь “Аббвие” компанийнхантай хийсэн уулзалтын үед энэ талаар нааштай хариу сонссон. Өөрөөр хэлбэл, тэд “Уг асуудлыг шийдэх бүрэн боломжтой” гэдгээ бидэнд хэлсэн. Энд нэг зүйлийг дуулгахад, АНУ-д уулзсан хүн бүр Монгол Улсын төр засаг, жирийн иргэд нь элэгний өвчлөлтэй эрчимтэй тэмцэж байгааг сайшааж, бүх талаар дэмжихээ илэрхийлж байсныг дуулгахад таатай байна.

-Монгол эрдэмтэд Стэнфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтарч судалгаа хийсэн. Энэхүү судалгааны үр дүн юу гэж гарсан бол?


-Эрдэмтэд маань дэлхийд алдартай Стэнфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтарч элэгний В вирусын халдвартай хүмүүсийн 60 хувь нь элэгний В, Д вирусын давхар халдвартай байгааг судлан тогтоосон. Энэхүү хамтарсан судалгаанаас гадна АНУ-ын Хүнс, эмийн агентлагийн удирдлага дор Монгол Улсад элэгний В, Д вирусын клиникийн судалгаа хийх дөрөв дэх төвийг нээхээр хичээнгүйлэн ажиллаж байгааг уншигчдадаа дуулгах нь зүйтэй болов уу. Бид АНУ-д айлчлахдаа “Айгер Био” компанийн удирдлагуудтай уулзаж, шинэ эмчилгээ яаралтай хэрэгтэй байгаа 120 мянга гаруй хүнд хурдан хугацаанд хүргэх, клиникийн судалгааг нэн даруй эхлүүлэх талаар ярилцсан маань амжилттай болж, онцгойлон анхаарал хандуулж ажиллахаар болсон. Мөн АНУ-ын ЭМЯ-ны Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан дэд нарийн бичгийн дарга Стив Смиттэй Вашингтон ДС хотод уулзаж, АНУ-ын ЭМЯ-ны харъяа Олон улсын халдварт өвчний эсрэг байгууллага буюу Center for Disease control “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд манай улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн нь айлчлалын маань онцгой бөгөөд бодитой ач холбогдол бүхий хэсэг байлаа. Үүнээс гадна дэлхийн эрүүл мэндийн шинжлэх ухааны хамгийн том ивээн тэтгэгч болох АНУ-ын Үндэстний эрүүл мэндийн хүрээлэнгийн дөрвөн том институтийн захирлуудтай уулзаж “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн эрдэм шинжилгээ, судалгааны дэд хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцсон. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга миний бие болон УИХ-ын гишүүн Г.Занданшатар тэргүүтэй албаны хүмүүсийн АНУ-д хийсэн айлчлалын хугацаа богино байсан ч эрх бүхий хүмүүс, дэлхийд алдартай компаниуд болон эрдэмтэдтэй нүүр тулан уулзаж бодит шийдвэрүүдийг гаргасан асар өндөр үр дүнтэй айлчлал боллоо.

 

-Та Стэнфордын их сургууль дээр илтгэл тавьсан. Энэ үеэр дэлхийд алдартай их сургуулийн эрдэмтэд, судлаачид чухам юуг голчлон сонирхож, бас онцгойлон хэлж байх юм?


-Миний хувьд, “Монгол Улсын эрүүл мэндийн салбарын асуудлууд” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Илтгэлийн дараа маш олон эрдэмтэн, судлаачид сонирхсон асуултуудаа тавьж, бидэнтэй ярилцсан юм. Стэнфордын их сургууль бол дэлхийд алдартай, судалгааны асар том төв шүү дээ. Тус их сургуулийн зарим эрдэмтэн эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэлтийн ач холбогдлын талаар онцлон дурдаж байсан. Мөн вирус хепатитын элэгний хорт хавдар, элэгний хатуурлаар нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирусын голомтыг устгах, халдварын тархалтыг 2020 он гэхэд таслан зогсоох зорилготой “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн талаар Стэнфордын их сургуулийн эрдэмтэд цогц мэдээллийг авч чадсан.    

-Монголын талаас “Gilead Sciences” компанийнханд тавьсан гурван санал... Энэ чухам ямар саналууд байв?


-Эрх баригч МАН-ын байгуулсан мэргэжлийн Засгийн газар, мөн УИХ-аас хүн төвтэй бодлого баримталж байгаагийн нэг илрэл нь “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын зүгээс АНУ-ын “Gilead Sciences” компанитай гурван чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан. Нэгдүгээрт, элэгний С вирусын халдвартай эмч, мэргэжилтнүүдийн дунд уг вирусын голомтыг устгах. Үүний тулд дээр хэлсэнчлэн 5000 хүн тун буюу 15 мянган хайрцаг эм шаардагдах тул дурдсан тооны эмийг хандивлах тухай хүсэлтийг албан ёсоор тавьсан. Хоёрдугаарт, Монгол Улсын 15-аас дээш насны бүх иргэнийг элэгний В, С вирусыг эрт илрүүлэлтэд хамруулах ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулахад хамтран ажиллах. ДЭМБ-аас гаргасан элэгний вирусын оношилгооны удирдамжид “Таван хувиас дээш хувийн тархалттай улс орнууд нийт хүн амаа В, С вирусын шинжилгээнд хамруулах нь зүйтэй” гэж заасан байдаг. Гуравдугаарт, элэгний С вирусын эсрэг өндөр үйлчлэлтэй софосбувир|ледиспевир эмийг Монголдоо үйлдвэрлэх боломжтойг дурдаж, энэ талаар хамтран ажиллах саналыг тавьсан юм. “Gilead sciences” компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч Грейг Альтон эмч, ажилтнуудын дунд элэгний С вирусын голомтыг устгах чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллах бүрэн боломжтойгоо илэрхийлсэн. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд манай улсад элэгний С, В вирусын эсрэг өндөр үйлчлэлтэй эмийг маш хямд үнээр нийлүүлэх буянтай ажлыг эхлүүлсэн Грейг Альтон гэдэг энэ эрхмийг би Монголд зочлохыг урихад тэрбээр урилгыг маань дуртайяа хүлээн авсан. Энд 176 оронд салбартай, 28 мянга орчим хүнийг ажлын байраар хангадаг, шинжлэх ухаанд үндэслэн байгуулсан дэлхийн хамгийн том биофармасептикал компаниудын нэг болох “Аббвие”-г дурдахгүй өнгөрөхийн аргагүй. Элэгний С вирусын эсрэг ЗD буюу “Викера пак” эмчилгээг зохион бүтээсэн тус компанид бид зочилж удирдлагуудтай нь яриа хэлэлцээ хийлээ. “Аббвие” компанийн гаргасан 3D эмчилгээ элэгний С вирусын эсрэг маш өндөр үр дүнтэй бөгөөд энэхүү эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн 98 хувиас дээш хувь нь гурван сарын дотор бүрэн эдгэрдэг. АНУ-д айлчлах үеэрээ бид “Аббвие” компанийн Элэгний С вирусын эрүүл мэндийн асуудал хариуцсан захирал Фернандо Татч тэргүүтэй удирдлагуудтай уулзаж “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд төр засгаас хэрэгжүүлж буй бодлогын талаар тодорхой мэдээлэл өглөө. Ноён Фернандо Татчийн зүгээс энэхүү хөтөлбөрийн шугамаар хамтран ажиллах, хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.          usa.em3

Нэрт эрдэмтэн Жефри С Гленнтэй хамт

usa. em2

-АНУ-ын ЭМЯ-ны зарим удирдлага, нэр хүндтэй компаниудын удирдлагууд, Стэнфордын их сургуулийн эрдэмтэд, мөн эрүүл мэндийн салбараас төрсөн тэрбумтнууд гээд олон хүнтэй та бүхэн уулзжээ. Нэрт эрдэмтэн Жефри С Гленн та бүхэнд элэгний хорт хавдрын эсрэг шинэ эмчилгээ нээснээ дуулгасан гэв үү?

-Стэнфордын их сургуулийн дэргэдэх Анагаахын их сургуулийн профессор, дэлхийн томоохон эрдэмтдийн нэг Жефри С Гленний хувьд, элэгний В, Д вирусын эсрэг шинэ эмчилгээг нээн илрүүлж“Айгер Био фармацевтикал” компанийг хамт ажилладаг эрдэмтэдтэйгээ байгуулсан. Тус компани өнгөрсөн оны дөрөвдүгээр сард олон улсын зах зээлд хувьцаагаа арилждаг нээлттэй хувьцаат компани болсон юм билээ. Нэрт эрдэмтэн Жефри С Гленний шинээр нээсэн элэгний хорт хавдрын эсрэг эмчилгээ маш амжилттай явагдаж байгаагаас гадна Турк улсын Анкарагийн их сургуульд нэн шинэ эмчилгээгээр элэгний хорт хавдартай хүмүүсийг эмчилж буй нь гайхалтай үр дүнг үзүүлж байна. Тийм учраас бид энэхүү эмчилгээг Монголд нэн даруй нэвтрүүлэх талаар түүнтэй ярилцсан. Нэрт эрдэмтэн маань ирэх сард манай улсад хүрэлцэн ирж элэгний хорт хавдрын эсрэг хийж байгаа шинэ эмчилгээнийхээ хүрээнд Монголын талтай хэрхэн хамтран ажиллахаа ярилцана. Мөн УИХ, Засгийн газрын түвши

нд тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллах талаар ярилцахаар тохиролцсон.  

 

 

 

  

Г.Отгон

Эх сурвалж: www.analiz.mn

Эмчийн тэмдэглэл

Эмч байх шиг хэцүү, сайхан алба үгүй

Тиймээ эмч болох, эмч байх гэгч нь бахархалтай сайхан атлаа үргэлжийн сэтгэлийн шаналалд автаж явдаг тамын ажил юм. 

Тийнхүү эмчийн ажил үйлс, баяр гуниг, сайн сайхан, аз жаргалыг байгаа үнэнээр нь нээн харуулсан уран бүтээл тийм ч элбэг бус билээ. Тэгвэл өнгөрсөн зууны эцэс, энэ зууны эхээр Оросын алдарт зохиолч, эмч В. Вересаевын туурвисан “Эмчийн тэмдэглэл” хэмээх шилдэг нийтлэл хүндтэй байр эзэлдэг юм. Энэхүү тэмдэглэл нэг бодоход уран зохиол шиг, ахиулаад бодоход яруу нийтлэл шиг санагддаг билээ. 

Зохиолч Вересаевын “Эмчийн тэмдэглэл” бол эмчийн хөдөлмөр эрхэлсэн он жилүүд, авьяаслаг уран зохиолчийн авьяас билэг, өргөн мэдлэгийнх нь нэг үзүүлэлт юм. Зохиолч энэхүү тэмдэглэлдээ эмчийн бусдыг гэх нандин сайхан, өгөөмөр нинжин сэтгэл, хүнийг бүхэлд нь авч үзэх төв үзэл, эмчийн хөдөлмөрийн нарийн нандин чанар , ухаарал, цөхрөл тэргүүтнийг нүдэнд харагдаж, сэтгэлд хоногштол яруу тод нээн харуулсан байдаг билээ. 

Эл бүтээл хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсож буй үй олон мэргэжил нэгт нөхөд, эмчийн адармаатай агаад бахархалтай ажил үйлсэд нэгэн бие, нэгэн амьдралаа зориулах залууст маань өөдрөг сэтгэгдэл, баяр баясгалан бэлэглэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. 

Би гимназид сайн сурдаг байсан боловч үе тэнгийн олонхийн адил тэндхийн сургалтыг яс махнаасаа үзэн яддаг байв. Үздэг хичээл маань миний хувьд хүнд хүчир, ой гутам албадлагын алба байлаа. Ямар ч байсан орхих хэрэгтэй байсан. Энэ шинжлэх ухааны даанч сонирхолгүйг нь яана. <Данийл Заточникийн туужийг хэддүгээр зуунд бичсэн><Оттон Великийн хүү байсан><Pernadeo tibi>гэдгийн үйлдэгдэх хэв ямар хэлбэртэй байх энэ тэр надад ер огтхон ч падгүй. Би сургуулиас гадуур өсөж торнисон, сонирхсон мэдлэгээ ч сургуулиасаа гадуур олж авсан. 

Их сургуульд ороход энэ бүхэн эрс өөрчлөгдсөн.

Хүн эмнэлгийн салбарын эхний хоёр ангид онолын болон байгалийн шинжлэлийн хичээл, хувилахуй ухаан, бодис зүй, ургамал ба амьтан судлал, бие зүй, бие судлал ордог болов. 

9ffe57b9e3e21362great

Эдгээр ухаан надад хамгийн шинэ, хамгийн хэрэгтэй мэдлэг олгож, чухамдаа  намайг нэг мөсөн эзэмдэв. Урьд нь ер анзаарч, даанч тоож үздэггүй байсан эргэн тойрны юмс үзэгдэл, энэ миний бие цогцос хүртэл бүгд ойлгомжтой тодорхой болоод ирэв. Эдгээрийг үл сонирхож, үл олж мэдэн яаж шүү хорин жил явав даа хэмээн гайхах болж билээ.  Өдөр тутам шинээр орсон хичээл бүр миний хувьд шинэ шинэ “нээлт” болсоор байлаа. Жигнээд юм уу хуураад иддэг өнөөх амьтны мах маань харин түүдэглэсэн бор саарал утас шиг санагддаг байсан тэрхүү гайхамшигт булчин болохнээ гэдгийг мэдэнгүүт ёстой л уулга алдаж байж билээ. Би уг нь идсэн хоолны хатуу нь ходоодноос гэдсэнд, шингэн нь шууд бөөрөнд очдог, амьсгалахад ямар нэгэн үл ойлгогдох юмны хүчээр цээж тэлэгдэхэд агаар гаднаас ордог гэж бодож явдаг байв. Матери болон эрчим хадгалагдах хуулийг мэддэг байсан боловч дотроо ер итгэдэггүй байв. Сүүлд нь би олонхи хүн юмс үзэгдлийн тухай багачуудынхаас илүүгүй төсөөлөлтэй явдаг бөгөөд энэ нь тэдэнд нэг их дарамт болдоггүйг ойлгож сая нэг ухаарч билээ. Ийм хүмүүс XIV Людвик хэддүгээр зуунд амьдарч байсныг мэдэхгүй бол ичингүйрэн улайж, харин харанхуйд фосфороос яагаад гэрэл гардаг, нүүрсхүчлийн хий гэж юу болохыг эс мэддэгээ нуудаггүй. 

Бие зүйн хичээлийн хувьд бол хамгийн хэцүү, эвгүй нь шарил задлах гэцгээдэг. Үнэхээр ч хуруу гар нь эвгүй хөшилдөн, шүд нь ярзайсан. булингартсан нүдтэй хамаг юмыг нь задалж дэлгэсэн хүүрээр дүүрсэн өрөөний энэ байдалд зарим нөхөд маань дасаж өгөхгүй их л зовдогсон. Нэг маань ч үүнээсээ болж өөр салбарт шилжиж билээ. Шөнө болгон түүнд тасалгааных нь өнцөг булангаас цустай гар, хөл, толгой гарч ирж харагдан дэмийрдэг болсон юм. Би ч яахав төдөлгүй дасаж, хүний бие цогцсын бүхий л нууцыг дэлгэсэн шарилын өмнө задлангийн өрөөнд хэдэн цагаар идэвхийлэн суудаг болов. 

Долоо, найман сарын турш бие зүйг бүхий л чадлаараа үзэж байж, хүний тухай хуучин ойлголт маань хачин гайхалтай өөрчлөгдөж, яагаад ч юм тун энгийн мэт санагдах болов. 

Гудамжаар өмнө минь яваа хүн миний хувьд зүгээр л нэг амьтай цогцос мэт төсөөлөгддөгсөн. Одоохон түүний gluteus maximus (тонтгор хонгоны мах) агшина; одоо guadriceps femoris (гуяны дөрвөн салаа булчин) агшлаа; энэ хүзүүн дээр овойгоод байгаа булчин нь; sternocleidomastoideus, унагасан таягаа авахаар тонгойход хүзүүний булчин сунан (musculi recti abdominalis) хэвлийн шулуун булчин агшиж цээжийг нь бөхийлгөнө гэх мэтээр дотроо төсөөлдөг байлаа. Ойр дотны хүмүүс маань ч хоёрдож үзэгдэнэ. 

Энэ эмэгтэй гэхэд л хажууд нь байгаад баймаар хичээн аятайхан сайхан ч гэсэн бүхий л бие цогцос, эд эрхтэн нь миний хувьд гойд сонирхоод байхааргүй, хүн болгонд л байдаг, түүний тархи л гэхэд миний өнөө өдий төдийгөөр нь зүсэж үзсэн тархинуудтай адил атираа нугалаа, горив завсартай, булчин нь гэхэд эмэгтэй хүний шарил задлахад төвөг учруулдаг өөхлөг мах шүү дээ гэж санагдаад түүнд ер нь гайхам юм юу байна вэ гэж боддог сон.

Олгож буй мэдлэгээс гадна сэтгэл их хөдөлгөсөн зүйл гэвэл энэхүү мэдлэгийг олгож байгаа арга байлаа. Тэрхүү арга нь ялимгүй өчүүхэн зүйлийг ч гэсэн туйлын нямбай нягтлан шалгахгүйгээр үл орхин, алхам бүрээ ажиглалт туршлагаараа хатуу хянаж болгоомжтой бөгөөд хэлбэрэлтгүй урагш ахихад сургаж байлаа. Нэг л хийсэн бол эргэж буцах нөхцөлгүй шүү дээ. 

Энэхүү арга нь дунд сургуульд үздэг хийсвэрлэх учир шалтгааны ухааны дүрэм бус, юмс үзэгдлийн мөн чанараас урган гарсан учраас хүний оюун санааг тийм хүчтэй эзэмддэг байжээ. Баримт бүр, түүний тайлбар бүр нь Беконы хэлсэн “non fungendum aut excogitandum sed inveniendum, guid natura faciat aut ferat”буюу “юуг ч санаанаасаа зохиолгүй чухам байгаль өөрөө юу бүтээж юу хадгалж, байгааг эрэх хэрэгтэй” гэсэн алтан сургаалийг батлах мэт байдагсан. Учир шалтгааны ухаан гээч юу байдгийг мэдэхгүй байж болно, шинжлэх ухаан өөрөө өөрийнхөө аргад, аргын тухай хичнээн сайн үндэслэлтэй тайлбараас ч илүү сургаж чаддаг бөгөөд шинжлэх ухаанд шулуун замаас гажих аливаа оролдлого бүр, тухайлбал “харааны онол” юм уу, эсхүл “Вейсманы үргэлжийн хөврөлийн бөөмс” мэт нь нүдний өмнө илтэд мэдрэгддэгсэн. Шинжлэх ухаан хүний ой ухааныг ингэж л төлөвшүүлдэг. 

Хоёрдугаар ангид бэлтгэл ба онолын хичээлийг үзэж дуусгадаг. Би эмч болох яагаа ч үгүй, харин үзсэн хичээлээ шалгуулав. Тэгээд эмнэлэг дээр хичээллэх боллоо. 

Энэ үед олж авах мэдлэг маань эрс өөрчлөгдөв. Хийсвэр ухааны оронд жинхэнэ амьд хүн үзэх болов. Үрэвслийн онол үзэж хавдрын эс, нянг дурандахын оронд жинхэнэ яр шарх үзнэ. Өвдөж шаналсан олон хүн тасралгүй цувна. Хөнгөн өвчтөнг эмнэлэгт хэвтүүлдэггүй учир тэднийг харахад бүгдээрээ л тэр аяараа хамгийн хүнд хэцүү шаналгаатай мэт санагддагсан. Янз бүрийн өвчтэй үй түмэн хүнийг хараад сэтгэл хирдхийн, хүний зовлон ямар их юм бэ, байгаль эх бидэндээ ямарч олон янзын зовлон зүдгүүр хайрланав дээ гэх бодол өөрийн эрхгүй төрж, дотор бачуурна. 

Эмнэлзүйн хичээл эхэлсний дараахан ахлах ангийнхны хичээллэдэг эмнэлэгт татран өвчтэй нэг ногоочинг хэвтүүлсэн байв. Бид түүнийг үзэхээр очлоо. Өрөөнд нь нам гүн. Өвчтөн маань биеэрхүү, махлаг, чийрэг, наранд хөрсжсөн хүрэн бор царайтай, сайхан эр хамаг биений нь хөлс ус цутгасан юм шиг цуварч, өвдсөндөө тэсч ядан уруул амаа үрчигнүүлэн ярвайж, нүдээ гялалзуулан дээшээ харан хэвтэж байв. Доод давхрын хаалга тогших юм уу, гудмаар явж байгаа морин тэрэгний хонхны дуу сонстох төдий ялимгүй чимээ гарангуут л өвчтөн зугуухан эвхрээд ирнэ. 

Эрүү нь хавжигнан, шүд нь тачигнаж шил нь татаж, өөрийн эрхгүй эвхрээд орноосоо өндийгөөд ирэхэд зовлонт түүний толгойн хөлс дэрэн дээр нь дуслан байхыг үзлээ. 

Хоёр долоо хоногийн өмнө энэ эр ногооныхоо газар хөл нүцгэн ажиллаж байгаад эрхий хуруундаа өргөс оруулсан ажээ. Ингээд л тэр муу өргөсний гайгаар шаналж байгаа нь энэ. Ийм зовлон байгаа нь төдийгүй, ийм зовлонд тун ч амархан өртөж байгаа нь аймшигтай. Эрүүл чийрэг эр хүн л ийм юманд амархан өртчихийг бодоход хүн гэдэг чинь ямар ч юманд өртөхгүй гэх баталгаа мөн ч хомсхон байгаа хэрэг шүү. 

Улсын нэгдүгээр төв эмнэлэг амбулаторийн болон оношлогооны тусламж үйлчилгээг уртасгасан цагаар үзүүлж байна

Saraa

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн  Эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээний албаны дарга Ж.Саранцэцэгтэй ярилцлаа.

-ЭМЯ-ны Сайдын тушаалаар саяхан 2-р сарын 1-нээс эхлээд төв эмнэлгүүд хоёр ээлжээр ажиллаж эхэлсэн. Танай Нэгдүгээр төв эмнэлгийн хувьд үйл ажиллагаа жигдэрч байна уу?

-Эрүүл мэндийн сайдын 2017 оны 1 дүгээр сарын 31-ний “А/48” тоот тушаалын дагуу төрөлжсөн төв эмнэлгүүд, лавлагаа төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна. Ингэхдээ амбулаторийн болон оношлогооны тусламжийг хоёр ээлжээр үзүүлэх юм. Манай эмнэлэг ч мөн энэ 2 дугаар сарын 1-нээс эхлэн сайдын тушаалын дагуу ажиллаж байгаа.

-Уртасгасан цагаар ажиллах энэхүү цагийн хуваарь хэдий хүртэл үргэлжлэх юм бол?

-Иргэдэд эмнэлгийн төрөлжсөн нарийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх, оношлогоо эмчилгээний хүлээгдлийг бууруулах гэсэн зорилготой гарсан сайдын тушаал гэдгийг олон нийт, иргэд сайн мэдэж байгаа байх. Гэхдээ яг хэзээ дуусах цаг, хугацааны талаар тодорхой заагаагүй.

-Үүнтэй холбоотойгоор танай эмнэлэг хүний нөөцийн асуудлаа хэрхэн зохицуулж байна вэ? Шинээр ажилтнууд авч байгаа юу, эсвэл дотроо зохион байгуулалт хийсэн үү?

-Сайдын тушаалаар, тодорхой тооны боловсон хүчнийг ажиллуулах болон санхүүгийн эх үүсвэрийг мөн зааж өгсөн. Үүний хүрээнд манай эмнэлэг гэхэд л эмч болон эмнэлгийн дунд шатны мэргэжилтнүүдийг нэмэлтээр авч ажиллуулж байна.

-Ямар чиглэлээр үзлэг хийж байна вэ? Энэ талаар тодруулж хэлж болох уу?

-Өнөөдрийн байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг дотрын чиглэлээр элэг цөс, бөөр, уушиг, зүрх судас, мэдрэлийн эмчийн үзлэг, мэс заслын чиглэлээр ерөнхий мэс засал, чих хамар хоолой, нүд, эрүү нүүрний мэс засал, урологи, проктологи оношлогооны чиглэлээр зүрхний эхо, ходоодны дуран, хэвлийн эхо, зүрхний бичлэг, рентген дүрс оношлогооны гэсэн нийт 16 төрлөөр иргэдэд тусламж, үйлчилгээг уртасгасан цагаар, ажлын өдрүүдэд оройны 17.30 цагаас 20.00 цаг хүртэл, бямба гарагт өглөө 10.00-14.00 цагийн хооронд үйлчилж байна. Эмч ажилтнуудын тухайд зохицуулалт хийж зарим эмч нарыг өдрийн цагаар ирүүлж үдэш 20.00 цаг хүртэл ажиллуулах зэргээр хүний нөөцийн байдлаа харгалзан үзсэн байгаа.

-Хоёр ээлжээр эмнэлэг ажиллаад ирэхээр ямар нэг хүндрэл, бэрхшээл гарч байна уу?

-Манай эмнэлэг 2013 онд 1 жилийн хугацаанд уртасгасан цагаар 2 ээлжээр ажиллаж байсан туршлага бий. Иймд харьцангуй богино хугацаанд зохион байгуулалтаа хийж, ажил үйлчилгээ жигдэрсэн. Бид 16 чиглэлээр, бараг 20-иод төрлийн тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Энэ бол нэлээд өргөн хүрээний үйл ажиллагаа юм. Эмнэлгийн нэг давхраас эхлээд цахим бүртгэл, өлгүүр, хоёр, гурав, дөрөвдүгээр давхарт байх кабинетүүдүүд ажиллаж байна.

-Харин үйлчлүүлэгчдийн хувьд ачаалал хэр байна вэ?

-Гуравдугаар шатлалын тусламж үйлчилгээ, лавлагаа төв гэдгээрээ манай эмнэлгийн ачаалал ер нь маш их байдаг. Элэг цөс, зүрх судасны кабинет, зүрхний эхо гэхчлэн дотор болон бусад мэс заслын тасгууд, мөн зарим онцлог бүхий тасгуудаар  үйлчлүүлэгчид их байна.

 -Тэгвэл, эмнэлгийн ажилтнуудын зүгээс уг шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бол гэдгийг сонирхож болох уу?

-Эмнэлгийн ачаалал нэмэгдэж, жишээ нь удирдлагын багаас гэхэд л байнгын хяналт үнэлгээ, явцын үнэлгээ зэргийг хийхэд бүх ажилтан илүү цагаар ажиллаж байгаа нь хаана ч тодорхой байгаа байх. Эмнэлгийн үйлчлэгчээс авахуулаад бүгдээрээ илүү цагаар ажиллаж байна. Амбулаторийн тусламж үйлчилгээ, оношлогооны үйл ажиллагааг нэг талаас сайжруулах гэж байгаа ч нөгөө талдаа хэвтэн эмчлүүлэх тасгийн хувьд бид хязгаарлагдмал нөөцтэй ажиллаж байна. Энэ нь эргээд цаашид хэвтэн эмчлүүлэгсдийн тухайд дараалал үүсгэхийг үгүйсэхгүй. Тэгэхээр хүмүүс эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шатлалыг аль болох алгасаж ирэлгүй, зохих ёсоор нь үйлчлүүлж чадах юм бол байдал хэвийн л үргэлжлэх байх хэмээн бодож байна.

-Цаг гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа.

 

Амбулаторийн цагийн хуваарь

Даваа-Баасан 0830-1730    

Цайны цаг 1230-1330

ЛАВЛАГАА БҮРТГЭЛ

 

УТАС: 11-311-544

              0820-1640

Санал хүсэлт

 

Утас: 11-32 6964 

Текстиль для дома, Вышивка, Фурнитура, Ткани
автоновинки